Зарим тийн ялгалын нөхцөлийг бичих тухай
Зарим тийн ялгалын нөхцөлийг бичих тухай өгүүлбэл:
1. Үгийг тийн ялгалаар хувилгахдаа тогтворгүй н үсгийг уг үгийн төгсгөлийн гийгүүлэгч гэж үзэхгүй, харин үгийн үндэс ба залгаврын жийрэг гэж үзнэ. Жишээлбэл: тэрэг-тэрэгний, төлөг-төлөгний, үндэс-үндэсний гэх мэт.
2. Тогтворгүй н-тэй үгийг тийн ялгалаар хувилгахдаа н үсгийг гаргаж бичнэ. Энэхүү тогтворгүй н үсэг ихэвчлэн харъяалах, өгөх орших, гарах гурван тийн ялгалд нэгэн адил гарна. Жишээлбэл: модны, модонд, модноос, морины, моринд, мориноос, унины, унинд, унинаас гэх мэт. Гэтэл номны сан гэдэггүй учир номонд гэж бичихгүй номд; асуултны амжилтны гэдэггүй учир асуултад, амжилтад гэж бичнэ.
3. Харьяалахын тийн ялгалын –ы, -ий нөхцөлийг тогтвортой ба тогтворгүй н үсгээр төгссөн үгэнд эгшиг зохицох ёсоор залгана. Жишээлбэл: модны, түмний, усны гэх мэт.
Харьяалахын тийн ялгалын –н нөхцөлийг хос эгшиг ба урт ий эгшгээр төгссөн үгэнд залгана. Жишээлбэл: толгойн, дэлхийн гэх мэт.
4. Өгөх оршихын тийн ялгалын нөхцөл –д, -т:
- Т нөхцөлийг г ба өмнөө эгшигтэй с гийгүүлэгчээр төгссөн тогтворгүй н-гүй үгэнд залгана. Жишээлбэл: худагт, Нацагт, нутагт, хэлтэст гэх мэт. Бас р, в гийгүүлэгчээр төгссөн зарим үгэнд уламжлал баримтлан бичнэ. Жишээлбэл: гарт, Дэндэвт гэх мэт.
- Д нөхцөлийг дээрхээс бусад үсгээр төгссөн үгэнд бичнэ. Жишээлбэл: ахад, шилд, сард, хүн бүрд гэх мэт.
5. Заахын тийн ялгалын –г нөхцөлийг урт, хос эгшиг, хэлний угийн н үсгээр төгссөн үгэнд залгана. Жишээлбэл: дүнг, шороог, тахиаг, гахайг, Галсанг гэх мэт.
Биеийн хамаатуулах минь, чинь, нь-ийн өмнөх заахын тийн ялгалын –ыг, -ийг; харьяалахын тийн ялгалын –ын, -ийн нөхцөлийн г, н үсэг сонстохгүй боловч энэхүү н, г үсгийг гээхгүй бичнэ. Жишээлбэл: ахыг нь, гарыг минь, үзгийг чинь, гарын нь гэх мэт. (ахы нь, гары минь, үзгий чинь, гары нь гэж бичвэл буруу болно).
6. Зарим нэр үг хоёр өөр утгыг илтгэх болоод тийн ялгалаар хувилахдаа ч ялгавартай болжээ. Жишээлбэл: Шөнө од (нэрлэхийн тийн ялгал) гялалзана. Алтан гадас одон Лувсангийн энгэр дээр гялалзана. Ард Насангийн соёолон насны морь наадамд түрүүлэв. Өвлийн эхэн сарын (харьяалах) арван тавны шөнө сарны гэрэл тооноор орно. Сард авах, цалин, саранд нисэж очих гэх мэт. Зарим үг тийн ялгалаар хоёр өөр хувирч хоёр өөр утгыг илтгэх явдал байна. Жишээлбэл: адуугаар баян нэгдэл, танай адуунаар миний морь явчлаа гэх мэт.
Бичсэн: undagha | цаг: 11:29 |
mongol hel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих